Иргэдийн хүлээлтээр “тоглох” явдал төрийн хэв маяг мэт давтагдсаар байна. Оны өмнө Ерөнхий сайд ахмадуудад гэнэтийн бэлэг барина хэмээн олон хоног хүлээлт үүсгэсний эцэст тэтгэврийг жигд 80 мянган төгрөгөөр нэмэгдүүлсэн даржин мэдэгдлээр өндөрлөсөн. Хүлээлт их байсан хэрнээ бодит үр дүн нь олон хүний сэтгэлд хүрээгүй.
Тэгвэл өнөөдөр дахин ижил өнгө аястай мэдээлэл цацагдлаа. ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт Цагаан сарын өмнө Ерөнхий сайд байгалийн баялгийн өгөөжийг иргэдэд хүртээх “сайн мэдээ” зарлана хэмээн мэдэгдэж, олон нийтийн анхаарал, найдлагыг дахин өдөөв.
Асуудал нь сайн мэдээ зарлахад биш, харин тодорхой бус амлалт, урьдчилсан хүлээлт үүсгэж, дараа нь түүнийг нь бүдэг бадаг тайлбараар хаадаг энэ арга барилд оршиж байна. Ард иргэдийн амьжиргаа, баяр наадмын өмнөх хүлээлт бол улс төрийн PR хийх хэрэгсэл биш.
Төр иргэдийнхээ хүсэл, найдвараар тоглож, “дараагийн сайн мэдээ”-гээр тайтгаруулдаг энэ дадлаа хэзээ болих вэ гэдэг асуулт улам хурцаар тавигдсаар байна. Хүлээлт бус бодит шийдэл, амлалт бус тодорхой бодлого л иргэдэд ус, агаар мэт хэрэгтэй байна.





