Дэлхийн зах зээлд газрын тосны үнэ огцом савлаж, Ойрхи Дорнодын бүс дэх хурцадмал байдал нэмэгдэхийн хэрээр шатахууны үнийн дарамт улс орнуудад улам хүчтэй мэдрэгдэж байна. Ялангуяа Ираны нөхцөл байдал тодорхойгүй хэвээр байгаа нь нийлүүлэлтийн эрсдэлийг нэмэгдүүлж, импортлогч орнуудын зардлыг өсгөж буй гол хүчин зүйл болоод байна.
Монгол Улсын хувьд шатахууны импортод шууд хамааралтай тул олон улсын үнийн өсөлт дотоодын зах зээлд шууд нөлөөлөх нөхцөл бүрджээ. Энэ хүрээнд шатахуун импортлогч аж ахуйн нэгжүүд эхний ээлжид АИ-95 бензин болон дизель түлшний үнийг нэмэгдүүлэх шаардлага тавьж, Үнийн зөвлөлийг яаралтай хуралдуулах хүсэлт гаргажээ.
Эх сурвалжуудын мэдээлснээр дизель түлшний үнийг 1200-1500 төгрөгөөр нэмэх шаардлагатай гэж үзэж байгаа бөгөөд гурван үе шаттайгаар өсгөх хувилбар яригдаж байгаа аж. Энэ асуудлыг Үнийн зөвлөл хэлэлцэж, эцсийн шийдвэр гаргана.
Харин өргөн хэрэглээний АИ-92 бензиний үнийг ойрын хугацаанд тогтвортой барих боловч 2-3 сарын дараагаас нэмэгдүүлэх төлөвтэй байгаа талаар албаны эх сурвалжууд мэдээллээ. Учир нь Монгол Улс Роснефть компанитай байгуулсан урт хугацааны гэрээний хүрээнд АИ-92 шатахууныг харьцангуй тогтвортой, 705 ам.долларын үнээр нийлүүлж ирсэн ч цаашид нийлүүлэгч тал зах зээлийн үнэд шилжих байр суурь илэрхийлсэн байна.
Хэрэв энэ өөрчлөлт хэрэгжвэл дотоодын шатахууны үнэ шат дараатайгаар өсөх, улмаар тээвэр, хүнс, барилгын материал зэрэг өргөн хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ дагаад нэмэгдэх эрсдэл бий. Ийм нөхцөлд Засгийн газар үнийн огцом савалгааг зөөлрүүлэх, иргэдийн худалдан авах чадварыг хамгаалах чиглэлд бодлогын зохицуулалт хийх шаардлага улам нэмэгдэнэ.





