ШУУРХАЙ МЭДЭЭ:

Тэргүүн шадар сайдаар Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдаар М.Бадамсүрэнг томиллоо

Нийгэм

Таван шарын хуучин орон сууцыг дахин төлөвлөж, хос 16 давхар 240 айлын орон сууцыг ашиглалтад орууллаа

Таван шарын хуучин орон сууцыг дахин төлөвлөж, хос 16 давхар 240 айлын орон сууцыг ашиглалтад орууллаа

Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, Таван шарын СТ-4 хуучны гурван давхар орон сууц 1960 онд ашиглалтад орж, 2016 онд мэргэжлийн байгууллага “Ашиглалтын шаардлага хангахгүй орон сууц” хэмээн дүгнэсэн. Тэгвэл ашиглалтын шаардлага хангахгүй уг орон сууцыг буулгаж, суурин дээр нь 16 давхар, хоёр блок, 240 айлын бүрэн цутгамал орон сууцыг барьж, ашиглалтад оруулж байна. Өнөөдөр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва болон албаны хүмүүс хуучны орон сууцад амьдарч байсан 27 айлд шинэ сууцны түлхүүр гардуулж өглөө. НЗДТГ, “Улаанбаатар орон сууцжуулалт” ХХК, “Гартаам Агат” ХХК хамтран ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцыг дахин төлөвлөж, барилгажуулсан юм.

Энэ үеэр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва “Дахин төлөвлөлтийг алдаагүй зохион байгуулж, төр, хувийн хэвшлийн оролцоог хангаж, иргэдийн тухтай амьдрах орчин, орон байрыг бий болгох үүднээс “Улаанбаатар орон сууцжуулалт” ХХК-ийг 2025 онд байгуулсан. Өнөөдөр Таван шарын СТ-4 төслийн орон сууцад 27 оршин суугч түлхүүр гардан авч байна. Энэхүү сайн жишээг богино хугацаанд хэрэгжүүлсэн баг хамт олонд талархал илэрхийлье. Цаашид дахин төлөвлөлтийн 24 төслийн хүрээнд 5000 айлыг орон сууцад хамруулна. Иргэдийнхээ аюулгүй, эрүүл, ая тухтай орчинд ажиллаж, амьдрах нөхцөлийг бүрдүүлэх нь нийслэлийн хөгжлийн бодлогын тэргүүлэх зорилтуудын нэг юм. Шинэ орон сууцныхаа түлхүүрийг гардан авч буй нийт оршин суугчдадаа баяр хүргэж, аз жаргал, эрүүл энхийг хүсье” гэлээ.

“Улаанбаатар орон сууцжуулалт” ХХК-ийн гүйцэтгэх захирал З.Төмөртөмөө “Хүний амьдралд хамгийн чухал зүйлийн нэг бол гэр орон байдаг. Улаанбаатар хотод дахин төлөвлөлтийн алдаанаас болж хохирсон иргэд цөөнгүй. 10 орчим жил гэр оронгүй хохирсон хүмүүс ч бий. “Улаанбаатар орон сууцжуулалт” ХХК эдгээр иргэдийг орон сууцтай болгох ажлыг хариуцаж, өнөөдрийн байдлаар 24 төслийг хэрэгжүүлж байгаагийн нэг жишээ нь Таван шарын СТ-4 төсөл юм. Төр, иргэн, хувийн хэвшлийн түншлэлийн үр дүнд иргэдийн ая тухтай амьдрах орчныг бүтээцгээе” гэв.

Нээлтийн үйл ажиллагаанд Таван шарын СТ-4 төслийн орон сууцыг барьсан “Гартаам Агат” ХХК болон оршин суугчдын төлөөлөл үг хэллээ. Тус орон сууцны гадна талбайн гэрэлтүүлэг, цахилгаан шатны эрчим хүчийг нарны хавтангаар шийдсэн онцлогтой бөгөөд 11 сар гаруй хугацаанд хос 16 давхар орон сууцыг барьж ашиглалтад орууллаа.

Default Avatar
Elch.mnМэдээний нийтлэгч
Холбоотой:НЗДТГ

Энэ мэдээг хуваалцах:

banner_hevtee

Мэдээлэл авах

7 хоногийн мэдээлэл, нийтлэл, өдөр бүрийн шинэчлэл хүлээн авна уу.

Сэтгэгдэл (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна