Сүүлийн үед олон нийтийн анхаарлын төвд байгаа цаг үеийн хэд хэдэн асуудлаар УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалантай холбогдож, байр суурийг нь сонслоо. Бидний ярилцлага энэ удаад нүүр тулсан уулзалт бус, утсаар өрнөсөн юм. Тэрбээр одоогоор олон улсын форумд оролцож яваа бөгөөд ирэх долоо хоногт эх орондоо ирэх аж. Ингээд цаг үеийн асуудлаарх түүний байр суурь, тодруулгыг хүргэе.
-Сайн байна уу. Тантай цаг үеийн анхаарал татаж буй хэд хэдэн асуудлаар холбогдож, тодруулга авах гэсэн юм. Сүүлийн үед та олон нийтийн өмнө төдийлөн харагдахгүй байгаа тул утсаар тодруулж болох уу?
-Сайн байна уу, Ажил нь сайн уу, за товчхон хариулт өгье. Олон улсын форумд оролцож байна. Ирэх долоо хоногт очно оо.
-Сүүлийн үед хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр МАН-ын “30-ын бүлэг” задарч, одоо үндсэндээ Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан нар л үлдсэн гэх мэдээлэл гарах боллоо. Энэ мэдээлэл хэр бодитой вэ? “30-ын бүлэг” үнэхээр бутарч, гишүүд нь тус тусын байр суурийг илэрхийлэх болсон уу? Энэ талаар танаас бодит нөхцөл байдлыг тодруулж, байр суурийг тань сонсох гэсэн юм?
-Тийм мэдээлэл явсаныг нь харсангүй. Нөхдүүд цөөрөөсэй, задраасай гэж бодож яваа хүмүүсийн тавьж байгаа мэдээлэл байх. Ер нь аливаа бүлэг үүсэх шалтгаан бол өөрсдийн үзэл бодол, итгэл үнэмшил гээд олон зүйлээрээ ойлголцож, нэгдэж нийлж, дэм дэмэндээ дээс эрчиндээ явдаг зарчим шүү дээ. Ганц улстөрд ч биш.
Бүхий л салбарт байдаг зүйл. Үзэл бодол, итгэл үнэмшлээрээ ойлголцоод явж байгаа хүмүүсийг хэдэн хүний бичүүлсэн нийтлэлээр эсвэл богино цаг хугацаагаар тийм амархан задардаг зүйл биш.
Харин эрх мэдлийн төлөө улайран зүтгэж байгаа хэсгийнхэний зорилго нь хангагдахаар тухайн бүлэг задардаг. Тэрнээс одоогоор задраад, салж сарниад байгаа зүйл алга. Мэдээж, намын эв нэгдлийг хангах, нам дотор эрх тэгш байх, УИХ-ын гишүүдийн улстөрийн үйл ажиллагаанд оролцох боломжийг тэгш хангах зэрэг зарчмын шаардлага тавьж байгаа. Энэ мэтээр хамтдаа үйл хэрэг, үзэл бодлоороо нэгнээ дэмжээд явж байна. Тэгэхээр задарсан зүйл бол алга байна.
-Сүүлийн үед та бүхэн уулзаж, санал бодлоо солилцсон уу? Эсвэл тус тусын байр суурьтай болж, холбоо харилцаа нь хөндийрсөн үү?
-Бид УИХ, улстөрийн намын түвшинд явж байгаа асуудал бүрд байнга л уулзаж, санал бодлоо солилцож яваа. Энэ бол бүлэглээд, фракцлаад, асуудлыг жадлан эсэргүүцээд байгаа асуудал биш. Харин харилцан мэдээллээ солилцох, нэг нэгэндээ дэм болох зорилго л агуулагдаад явж байгаа шүү дээ.
-Өнөөдөр Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ “Бодийн гэрээг Бортээг болгож хувиргасан” гэх агуулгатай пост нийтэллээ. Үүнтэй холбоотойгоор өнгөрсөн жил Шадар сайд Н.Номтойбаяр Бодийн гэрээтэй холбоотой асуудлыг шалгуулах зорилгоор түр хороо байгуулах санал гаргаж, УИХ-ын гишүүдийн гарын үсгийг цуглуулж байсан ч уг асуудал өнөөдрийг хүртэл шийдвэрлэгдээгүй байна. Тухайн үед та түр хороо байгуулахыг дэмжиж, холбогдох бичигт гарын үсэг зурсан уу?
-Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ хавар телевизийн ярилцлага өгөхдөө энэ асуудлыг хөндөж байсан. Төмөр замын бүтээн байгуулалт нэрийн дор ард нь томоохон хэмжээний нүүрс худалдах үйл ажиллагаа явуулж байсан талаар ярьж байсан. Би яг энэ үйл явц, процесс явагдаж байх үед Засгийн газар, УИХ-д ажиллаж байгаагүй учраас ямар үйл явдал тухайн цагт болж өнгөрсөн бэ гэдгийг мэдэхгүй. Тиймээс тэр нь зөв, энэ нь буруу гэж хэлэхэд миний хувьд өрөөсгөл.
Гэхдээ Л.Оюун-Эрдэнийн хэлсэнчлэн хэрвээ Бодийн асуудлыг Бортээг болгож, улмаар намайг улстөрийн хэлмэгдүүлэлтэд өртүүлсэн гэдэг асуудал хөндөгдсөн байна. Би үүнтэй санал нэг.
Яагаад гэвэл би Бортээг гэдэг ордтой холбоотой асуудлаар нэг хүрз нүүрсний худалдаа, худалдан авах, зарах эсвэл тусгай зөвшөөрөлтэй холбоотой асуудал дээр оролцсон түүх огт байдаггүй учраас энэ хөндөж байгаа асуудал бодитой байх магадлалтай гэж үзэж байна. Өнгөрсөн жил нэр бүхий УИХ-ын гишүүдээс “нэр чинь холбогдоод байгаа асуудлаар шалгуулаач ээ” гэдэг саналыг бичгээр тавьж байсныг та санаж байгаа байх. Тухайн үед би УИХ-ын дарга гэдэг албыг өөрийнхөө халхавч болгох зохимжгүй, аливаа асуудлаар нэр цэвэр байх ёстой гэдэг итгэл үнэмшлээрээ өөрөө чөлөөлөгдөх өргөдлөө өгч, чөлөөлөгдөж байгаад шалгуулъя гэдэг байр сууриар УИХ-ын даргын албан тушаалаа өгч байсан. Өнөөдөр ч би шалгуулаад явж байгаа. Өнөөдрийн энэ яригдаж байгаа асуудал бол зүгээр нэг хүний яриад өнгөрч байгаа зүйл биш шүү дээ, Монгол Улсын Ерөнхий сайдаар 5 жил ажилласан хүний амнаас гарч байгаа үг. Харин үүнтэй холбогдож байгаа этгээд нь өнөөдөр Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга хүн. Тэгэхээр би бол хариуцлагатай албан тушаал хашиж байсан болон одоо хариуцлагатай албан тушаал хашиж байгаа энэ 2 хүн уг асуудлыг эцэслэх ёстой гэсэн байр суурьтай байна. Ингэхийн тулд Баттөмөрийн Энхбаяр өөрийнхөө хүсэлтээр над шиг ажлаасаа чөлөөлөгдөж байгаад гэм буруугүй гэдгээ тогтоолгох ёстой. Өнгөрсөн жил надад тавьсан шаардлага дээр өөрийнх нь гарын үсэг зурсан бичиг нь бий. Одоо ч бэх нь хатаагүй гэж хэлж болно.
Аливаа зүйл нэг л стандарттай байх ёстой. Ямар нэг дабль стандарттай байх ёсгүй. Тэр шаардлага Д.Амарбаясгаланд үйлчилж болдог, Б.Энхбаярт үйлчилж болдоггүй гэдэг ойлголт байх ёсгүй. Тийм учраас Баттөмөрийн Энхбаяр нэр холбогдсон асуудлаа, сая долларын авлига аваагүй гэдгээ нотлохын тулд өөрийнхөө эрх мэдэл, албан тушаалаасаа татгалзаад, шалгуулж, үнэн мөнөө олох нь зөв.
-УИХ өнөөдөр ирэх оны улсын төсвийг баталж байна. Гэвч төсвийн үндсэн агуулга, эдийн засгийн бодлогын асуудлаас илүүтэй Оюутолгойн ногдол ашгийг иргэдэд бэлнээр олгох уу, эсвэл Баялгийн сангаар дамжуулан хуримтлуулах уу гэдэг асуудал парламентын хэлэлцүүлгийн гол маргаан болж хувирлаа. Эцэст нь энэ асуудлыг Баялгийн сангийн тухай хуульд нийцүүлэн шийдвэрлэх эсэх нь анхаарал татаж байна. УИХ-ын гишүүний хувьд та ногдол ашгийг хэрхэн зарцуулах нь зөв гэж үзэж байна вэ? Иргэдэд шууд хүртээх нь зүйтэй юу, эсвэл урт хугацааны хуримтлал, бүтээн байгуулалтад чиглүүлэх ёстой юу?
- Тодруулга гэсэн чинь бүтэн ярилцлага болчих шиг боллоо. Ер нь ганц л зүйл байгаа шүү дээ. 2024 онд Баялгийн сангийн тухай хууль батлагдахад би ЗГХЭГ-ын дарга байлаа. Энэ хуулийг анхдагч болгож баталсан. Бусад өндөр хөгжилтэй улс орнуудын ард иргэддээ нийгмийн тэгш боломжийг олгох зорилгоор сан байгуулж, шударгаар үйл ажиллагаа явуулах нөхцөл боломжийг бүрдүүлэхээр энэ хуулийг баталж байсан. Өнөөдөр хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа. Харин үүнийг улстөр, улстөрчдийн бодлоор явахаас илүүтэйгээр хууль өөрчлөгдөөгүй байгаа цаг үед хуулиа дагаж мөрдөх ёстой гэдэг зарчим үйлчилнэ. Магадгүй УИХ-д хууль өргөн барих эрх бүхий субьектуудын зүгээс хуулийн өөрчлөлтийн санаачлагууд орж ирж, асуудал шийдэгдэх боломжтой юу гэвэл боломжтой. Харин өнөөдөр хэрэгжиж байгаа хууль нь өөрчлөгдөөгүй байгаа учраас хуулиа л дагах ёстой. Хуулиас гадуур олон нийтийн дунд янз бүрийн хэлэлцүүлэг зохион байгуулаад явж байгаа нь цэвэр улстөр хийж байна гэж харагдсан. Тэгэхээр шаардлагатай гэж үзвэл санаачилга дэвшүүлээд хуулийн өөрчлөлт өргөн барихыг үгүйсгэхгүй. Өргөн барьвал байр сууриа илэрхийлээд явна. Миний хувьд түрүүн хэлсэнчлэн ЗГХЭГ-ын дарга байхдаа Баялгийн сангийн тухай хуулийг өргөн мэдүүлэхэд Засгийн газар талаас хариуцаад ажиллаж байсан. Тиймээс өргөн мэдүүлж, хэлэлцүүлж, батлуулсан хуулиа дагаж, улстөрийн байр сууриа илэрхийлнэ.
-Уучлаарай, сүүлийн нэг асуулт. Сүүлийн үед Засгийн газрын бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах, зарим сайдыг сэлгэх, цаашлаад АН-тай хамтран засаглах тухай яриа, таамаг хэвлэл мэдээллээр гарах боллоо. Та одоогийн Засгийн газрын үйл ажиллагаанд ямар үнэлэлт, дүгнэлт өгч байна вэ? Мөн УИХ-д МАН олонх болсон нөхцөлд Засгийн газраа дангаараа бүрдүүлж, цаашид бие даан ажиллах нь зөв гэсэн байр суурьтай байна уу?
-Сайд нараа сэлгэх асуудал бол Ерөнхий сайдын бүрэн эрхийн асуудал. Тодорхой доголдол үүсэж байгаа салбарт, тухайн сайд нарт хариуцлага тооцох асуудлыг хөндөж ярьдаг, дэнслэх хүн нь Ерөнхий сайд. Парламентын засаглалтай улсад сонгуульд ялсан нам нь Засгийн газраа байгуулаад явдаг хуультай. Энэ бол ардчиллын үндсэн зарчим. Үүнд нэг онцгой зүйл байдаг нь улс орны эдийн засаг, нийгмийн нөхцөл байдлаас хамаараад шаардлагатай тохиолдолд олонх, цөөнх хамтраад Засгийн газраа байгуулдаг. Жишээ нь, дэлхийн 2-р дайны үед Их Британи Улс эрх баригч нам, сөрөг хүчинтэйгээ хамтарч дайны он жилүүдийг амжилттай даван туулах зорилгоор Засгийн газраа байгуулсан түүх бий. Үүнтэй адил энхийн цагт эдийн засгийн хүндрэл, бэрхшээл тулгарч, нөхцөл байдал хүнд цаг үе гэж үзвэл хамтдаа Засгийн газраа байгуулаад, томоохон өөрчлөлт шинэчлэлүүдээ хийж болдог.
Би Л.Оюун-Эрдэнийг Ерөнхий сайд байхад нь хамтарсан Засгийн газар байгуулахыг дэмжиж байсан хүний нэг. Тухайн үед Монгол Улсын ДНБ сүүлийн 3 жилийн хугацаанд бодитой, огцом тэлсэн.
Үүнтэй холбоотойгоор томоохон төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх шаардлага тулгарсан байдаг. Өөрөөр хэлбэл ДНБ тэлж байгаа учраас томоохон төслүүдээ богино хугацаанд эргэлтэд оруулж, үр дүнг нь үзэх талаар улстөрийн түвшинд ярилцаж байсан. Л.Оюун-Эрдэнийн зүгээс АН-д санал тавьж, эрх баригч МАН Бага хурлынхаа түвшинд, АН Үндэсний бодлогын хорооныхоо түвшинд, ХҮН нам Удирдах зөвлөлийнхөө түвшинд хуралдаж, намууд тус тусын шийдвэрээ гаргаж байлаа. Ингээд томоохон төслүүдээ улстөрийн намууд хамтдаа хэрэгжүүлэх шийдвэр гарч байсаныг зөв гэж боддог. Парламентын засаглалтай улс бол Ерөнхийлөгчийн засаглалаас ялгардаг нэг онцлог нь олон нам, олон улстөрчдийн оролцоотойгоор өргөн хүрээний хэлэлцүүлэг явагдаж байж асуудал шийдвэрлэгддэг. Нэг талаас харахад шийдвэр гаргалт нь удаан юм шиг боловч нөгөө талаар гаргасан шийдвэр нь чанартай байж чаддаг. Тэгэхээр миний хувьд эгзэгтэй үед парламентад суудалтай намууд хоорондоо ойлголцож, зөвшилцөөд хамтарсан Засгийн газар байгуулахыг өнгөрсөн хугацаанд дэмжсэн. Одоогийн байдлаар хамтарсан Засгийн газар байгуулах талаар мэдээлэл сонсоогүй байна. Гол зүйл нь ямар учир шалтгааны улмаас парламентад суудалтай намууд хамтарсан Засгийн газар байгуулах вэ гэдэг нь чухал. Түүнээс хоёр нам хамтраад Засгийн газар байгуулчихлаа гээд сандал суудлын асуудал ярьж байгаа бол энэ байж болохгүй зүйл. Хамтарсаны үндсэн дээр улс орон, иргэдийн төлөө яг юу хийх вэ гэдэг нь тодорхой болвол энийг ярьж болохгүй биш, ярьж болох сэдэв. За, ингээд яриагаа өндөрлөх үү. Цаг үеийн шинжтэй асуудлаар тодруулга авах хүсэлт тавьсан тул гадаад томилолтоор явж байгаа хэдий ч танд утсаар хариулт өглөө. Баярлалаа.
-Цаг гаргасан танд баярлалаа.





