Балбын Цагдаагийн төв мөрдөн байцаах газар (CIB) Эверестийн бүсэд үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудыг хамарсан олон сая ам.долларын даатгалын залилангийн сүлжээг энэ оны дөрөвдүгээр сарын 06-ны өдөр илрүүлж, 32 хүнийг зохион байгуулалттай гэмт хэрэг, залилангийн хэргээр буруутгалаа.
Мөрдөн байцаалтын явцад треккинг компаниуд, нисдэг тэрэгний операторууд, эмнэлгийн байгууллагын ажилтнууд оролцсон өргөн хүрээний сүлжээ илэрсэн байна. Уг хэрэгт нийт 4,782 гадаад уулчин, треккер өртсөн бөгөөд 19-20 сая ам.долларын хохирол учруулсан гэж тооцоолжээ.
Хэрэгт Mountain Rescue Service, Nepal Charter Service, Everest Experience and Assistance зэрэг треккинг болон нисдэг тэрэгний компаниуд, мөн Катмандугийн эмнэлгүүдийн эзэд, эмч нар, хөтөч нар холбогдсон байна.
Мөрдөн байцаалтаар тэд гадаадын даатгалтай уулчдыг зориудаар өвчтэй мэт болгож, шаардлагагүй нисдэг тэрэгний “яаралтай аврах ажиллагаа” зохион байгуулан, хуурамч баримт бичиг бүрдүүлж даатгалын компаниудаас мөнгө авдаг байжээ. Зарим тохиолдолд нэг нислэгийн зардлыг олон хүнд давхардуулан тооцох, үзүүлээгүй эмчилгээний төлбөр нэхэмжлэх зэрэг арга ашигласан байна.
Олон улсын хэвлэлүүд, тухайлбал The Independent, France 24, People зэрэгт хөтөч нар уулчдын хоолонд хөөлгөгч нунтаг хийж, өндөрлөгийн өвчинтэй төстэй шинж тэмдэг үүсгэдэг байсан гэх мэдээлэл гарсан.
Гэвч CIB уг мэдээллийг албан ёсоор няцаажээ. Тус газрын дэд дарга Shiva Kumar Shrestha “Одоогийн мөрдөн байцаалтаар хоолонд хорт бодис хольсон нотолгоо илрээгүй” гэж мэдэгдсэн байна. Мөн Climbing Magazine-ийн мэдээлснээр, 748 хуудас бүхий буруутгалын материалд ийм үйлдэл тодорхой нотлогдоогүй гэжээ.
Цагдаагийн мэдээлснээр уг залилан 2018 оноос эхэлж, 2022–2025 онд идэвхжсэн байна. Цагдаагийн төв мөрдөн байцаах газрын даргын хэлснээр "Зөрчилд хангалттай хариуцлага тооцоогүй нь ийм гэмт хэрэг газар авах нөхцөл болсон” хэмээн онцолжээ.
Одоогоор 32 сэжигтнээс 11 хүнийг баривчилсан, үлдсэн 21 нь шүүхэд дуудагдаагүй эсвэл оргон зайлсан байна. Прокурорууд тэднээс нийт 1.51 тэрбум рупи (ойролцоогоор 11.3 сая ам.доллар)-ын торгууль гаргуулахаар шаарджээ.






