Эдийн засаг, хөгжлийн яамны дэргэдэх Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах төвд зохион байгуулагдаж буй “Эрчим хүчний салбарын долоо хоног” арга хэмжээний хүрээнд өнөөдөр (2026.04.17) “Салбар дах хувийн хэвшлийн оролцоо ба төрийн дэмжлэг” сэдэвт хэлэлцүүлэг амжилттай зохион байгуулагдлаа.
Арга хэмжээний хүрээнд эрчим хүчний үнэ тарифын зохицуулалт, зах зээлийн загварын шинэчлэл, дулаан хангамжийн системийн тулгамдсан асуудлууд, эрэлтийн удирдлага болон сэргээгдэх эрчим хүчний хэрэглэгчийн ангиллын хэрэгцээ зэрэг асуудлуудыг олон талын оролцоотойгоор хэлэлцэв.

Хэлэлцүүлгийн хүрээнд дараах сэдвүүдээр илтгэл тавигдаж мэдээлэл өгөв. Үүнд:
Эрчим хүчний салбарын зөвшөөрөл, зөвшөөрлийн зохицуулалтыг сайжруулах;
Эрчим хүчний салбар дах хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэх шаардлага, Төрийн зарим чиг үүргийг хувийн хэвшилд шилжүүлэх нь;
Эрчим хүчний салбарын хүний нөөцийн тулгамдсан асуудал, шийдэл;
Хэлэлцүүлгийн хүрээнд хувийн хэвшлийн компаниуд нь ихэвчлэн нэг эцсийн өмчлөгчтэй байдаг тул ашиг сонирхлын зөрчил үүсэхээс урьдчилан сэргийлж, ТББ болон хувийн компаниудын гүйцэтгэх ажлыг зааглах шаардлагатай тухай,
Салбар өөрийн төсөв зохиох аргачлал, цалин хөлсний үнэ тариф, нормативыг батлуулж хэрэгжүүлдэг эрхтэй болох талаар,
Дэд бүтцийн хөрөнгө оруулалт хүрээнд Улсын зүгээс хийж хэрэгжүүлэх томоохон дэд бүтцийн төслүүд, ялангуяа дамжуулах шугам, дэд станцуудын бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэх хүрээнд,
Эрх зүйн орчны шинэчлэлийн хүрээнд зөвшөөрлийн үйл ажиллагааг сайжруулахын тулд нэн тэргүүнд эрчим хүчний тухай хууль болон сэргээгдэх эрчим хүчний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай зэрэг олон асуудлыг онцоллоо.

Хэлэлцүүлгийн төгсгөлд оролцогч талуудын төлөөллийг хамруулсан панель хэлэлцүүлэг зохион байгуулагдсан ба эрчим хүчний салбарын зохицуулалтын орчныг боловсронгуй болгох, зах зээлийн ил тод, өрсөлдөөнт бүтцийг бүрдүүлэх, тарифын бодлогыг эдийн засгийн үндэслэлтэй болгох, хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэх нь салбарын тогтвортой хөгжилд шийдвэрлэх ач холбогдолтой гэдэгт санал нэгдэв.
“Эрчим хүчний салбарын долоо хоног” арга хэмжээний хүрээнд гарсан санал, хүсэлтүүдийг нэгтгэн салбарын яам болон холбогдох төрийн захиргааны төв байгууллагуудад хүргүүлэн цаашид салбарын бодлого, төлөвлөлтөд тусгуулж ажиллана гэдгээ зохион байгуулагчдын зүгээс илэрхийллээ.





