Газар нутаг, хүн ам, засаг захиргааны нэгж, нийгэм, эдийн засгийн байдал бүх утгаараа Улаанбаатар хотын хамгийн том хоёр дүүргийн нэг нь Баянзүрх дүүрэг. Гэтэл Баянзүрх дүүрэг Засаг дарга, удирдлагагүй долоо хонолоо.
Баянзүрх дүүргийн хуучин Засаг дарга Г.Жаргалсайхан нь нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогчийн албан тушаалд томилогдсон. Тэрбээр сүүлийн зургаан жил Баянзүрхийг засаглахдаа Баянзүрх дүүргийн Засаг дарга бус орлогч Засаг даргаар ажиллаж байв. Баянзүрх дүүрэг хөгжиж шальсангүй. Харин газрын наймаа, доройтсон засаглалаараа толгой цохиж, амьжиргаа нь шалаар нэг хөглөрөх болсон нь даанч харамсалтай.
Хөгжилгүй дүүрэгт өнөөдөр удирдлага ч алга. Баянзүрхийн шинэ Засаг даргад хэн тохирох вэ гээд бодоод үзэхээр Г.Жаргалсайханы өмнө нь ажиллаж байсан Н.Баярмөнх оновчтой сонголт. Н.Баярмөнх Засаг даргаар ажиллаж байх хугацаандаа газрын асуудлыг цэгцэлж, иргэдийн амьдрах орчныг сайжруулах сургууль, цэцэрлэг барих, хот тохижилтын ажлууддаа гар бие оролцдог байлаа.
Хоёрхон жилийн дотор өчнөөн жил сүр бараагүй явсан Баянзүрх дүүргийн төсвийн орлого ч тэр, харагдах орчин ч тэр, засаглал талаасаа нэлээдгүй дэвшилтэй байсныг тухайн үеийн баг хамт олон нь дүгнэдэг. Гэсэн ч Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Э.Бат-Амгалан тухайн үед МАН-ын хорооны дарга болонгуут сайн ажиллаж байсан Н.Баярмөнхийг унагаснаар, Баянзүрхийн ирээдүйн гэрэл бөхсөн гэж хэлж болно.
Тэгвэл Баянзүрх дүүргийн Засаг дарга асан Н.Баярмөнх улс төрд эргэн ирэв үү. Тэрбээр саяхан нийслэлийн МАН-ын дэд дарга, тэргүүлэгчээр сонгогдож, журмын нөхдийнхөө итгэлийг хүлээжээ. Н.Баярмөнхөд Баянзүрхийнхэн ч элэгтэй.
Хөгжлийн гацаатай, засаглалын доройтолд орсон Баянзүрхэд өнөөдөр л “аврал” хэрэгтэй байна. Нөхцөл байдал энэ чигээрээ удвал Баянзүрх дүүргийн 400 мянган үндсэн оршин суугч, нэмээд томоохон зах, худалдааны төв, улсын төв эмнэлгүүд, шинжлэх ухааны байгууллагууд, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгээр үйлчлүүлдэг Улаанбаатар хотын тал шахам иргэдийн хөгжил цэцэглэлт гэдгийг дурсах ч хэрэггүй болно. Товчхондоо, Баянзүрхийг аврахгүйгээр энэ бүх салбарын хөгжил, түүгээр үйлчлүүлэх иргэдийн ая тухтай амьдрал гэж байхгүй болно. Баянзүрхийн хөгжлийн гацааг арилгах шинэ Засаг дарга Н.Баярмөнх үү.





