Хууль зүйн шинжлэх ухааны доктор Н.Лүндэндорж Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр орсон УИХ-ын гишүүдэд хариуцлага тооцох гол механизмын нэг болох 29.3 дахь заалтын хэрэгжилт бодит байдал дээр гацаж байгааг шүүмжиллээ.
Тэрбээр улс төрийн болон эрүүгийн хариуцлага нь зарчмын хувьд огт өөр ойлголт бөгөөд шалгах, шийдвэрлэх субъект нь ч ялгаатай байдгийг онцолсон байна. Тодруулбал, УИХ-ын гишүүн тангараг зөрчсөн эсэхийг Үндсэн хуулийн цэц шалгаж, улс төрийн хариуцлага хүлээлгэх эсэхийг шийдэх ёстой. Харин гэмт хэргийн шинжтэй асуудлыг ердийн эрүүгийн шүүх шийдвэрлэх хуулийн зохицуулалттай.
Гэвч бодит байдал дээр Цэц ашиг сонирхлын зөрчил зэрэг илт улс төрийн шинжтэй асуудлыг “эрүүгийн журмаар шалгагдаж байна” гэх үндэслэлээр авч хэлэлцэхээс татгалзаж байгаа нь дээрх хоёр төрлийн хариуцлагыг ялгахгүй байгаа хэрэг гэж тэр үзэж байна. Энэ нь Үндсэн хуулийн хэрэгжилтэд ноцтой саад учруулж байгааг ч анхааруулжээ.
2019 оны Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр батлагдсан 29.3 дахь заалт нь УИХ-ын гишүүн тангаргаасаа няцаж, Үндсэн хууль зөрчсөн тохиолдолд эгүүлэн татах эрх зүйн үндсийг бүрдүүлсэн чухал зохицуулалт юм. Мөн гишүүн гэмт хэрэгт холбогдсон тохиолдолд Улсын Их Хурал бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх эсэхийг шийдвэрлэх, шүүхээс гэм буруутай нь тогтоогдвол эгүүлэн татах механизмыг тодорхой зааж өгсөн.
Гэвч энэ заалт бодитоор хэрэгжихгүй, Цэц дээр “гацсаар” байвал гишүүдэд улс төрийн хариуцлага тооцох боломж үндсэндээ хаагдана гэж хуульчид үзэж байна. Өөрөөр хэлбэл, тангараг зөрчсөн эсэхийг тогтоох механизм ажиллахгүй бол Үндсэн хуульд тусгасан хариуцлагын тогтолцоо нэр төдий үлдэх эрсдэл үүсчээ.
Н.Лүндэндоржийн хэлснээр, хэрэв энэ байдал үргэлжилбэл Ерөнхийлөгчийн санаачилсан, гишүүдэд хариуцлага тооцохтой холбоотой хууль, эрх зүйн шинэчлэлүүд ч бодит үр дүнд хүрэхгүй байх магадлалтай аж. Ерөнхийлөгчийн хуулийн төслийг ирэх дооо хоногт хэлэлцэхээр төлөвлөж буй.





