Удтал олон нийтийн анхаарлын төвд байж, ямар нэгэн байр суурь илэрхийлэлгүй байсан А.Амундра өчигдөр /2026.03.23/ цахим хуудсаараа дамжуулан байр сууриа илэрхийллээ. Тэрбээр өөрийгөө БНХАУ-ын Шанхай хотод, тансаг зэрэглэлийн The Peninsula Shanghai зочид буудалд байрлаж буйгаа нээлттэй зарлаж, “зугтаагүй” хэмээн онцлов.
Түүний мэдээлснээр, өөрт холбогдож буй асуудлаар хуулийн байгууллагад нотлох баримтаа гаргаж өгсний дараа Монгол Улс руу буцахаа мэдэгдсэн бөгөөд “бүх хэлмэгдүүлэлтийг хүлээж авахад бэлэн” хэмээн бичсэн байна.
Сүүлийн өдрүүдэд олон нийтийн сүлжээнд төмөр замын төслийн гэрээ, түүний хэрэгжилттэй холбоотой асуудал дахин сөхөгдөж, үүнд "Бодь интернэшнл" ХХК болон тус компанийн гүйцэтгэх захирал асан А.Амундрагийн нэр холбогдоод байгаа юм.
А.Амундра өөрийн мэдэгдэлдээ түүнийг тухайн үеийн хурал, шийдвэрүүдийн нотолгоо болох баримтууд ил болох боломжтой бөгөөд Эрдэнэс Тавантолгой ХК-ийн ТУЗ-ийн хурлын протокол хүртэл энэ асуудалтай холбоотойгоор “түүх болон үлдсэн” хэмээн дурдсан байна.
Мөн тэрбээр өнгөрсөн хугацаанд өөрийг нь нэг жилийн турш гүтгэж, доромжилсон хэмээн үзэж буйгаа илэрхийлж, зарим хамтран ажиллагчид хүртэл танихгүй мэт хандсан талаар бичжээ.
Анхаарал татаж буй өөр нэг асуудал бол түүний байрлаж буй зочид буудал. "The Peninsula Shanghai" нь Шанхайн өндөр зэрэглэлийн, таван одтой буудлуудын нэг бөгөөд хоногийн үнэ нь ойролцоогоор 478–1608 ам.доллар буюу 1.7–5.7 сая төгрөгтэй тэнцэх хэмжээний үнэтэй байна.Ийм өндөр өртөгтэй орчинд байрлаж буй нь олон нийтийн дунд “санхүүгийн эх үүсвэр”, “хариуцлагаас зайлсхийж байгаа” зэрэг асуултуудыг дагуулж байна.








